europiin_holboo

Европын холбоо руу экспортлох бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдэнэ

~Европын холбоо руу экспортлох бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдэнэ~

Европын Холбоо /ЕХ/-ны зах зээлд бараа бүтээгдэхүүнээ нийлүүлж буй дотоодын ААН-үүдийг сурталчлах, бараа бүтээгдэхүүнийг танилцуулах, экспортлохыг хүсэж байгаа компани, хувь хүмүүст мэдээлэл өгөх зорилготой ЕХ-ны Худалдааны өдөрлөг МҮХАҮТ-д боллоо.

Монгол Улс ЕХ-той 28 жилийн турш найрсаг харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлж байгаа бөгөөд энэхүү харилцаа нь улс төр, худалдаа, хөрөнгө оруулалт, соёл, боловсрол, хөгжлийн хамтын ажиллагаа зэрэг олон салбаруудад өргөжин тэлж байгааг ноён В.Энхболд хэлсэн үгэндээ онцоллоо.

ЕХ нь Монгол Улсын хувьд БНХАУ, ОХУ-ны дараа орох худалдааны гурав дахь том түнш юм. 2017 оны байдлаар Монгол Улс, Европын Холбооны хоорондын худалдаа 1,2 тэрбум ам.долларт хүрч, Монгол Улсын нийт гадаад худалдааны 11 хувийг эзэлж байгаа аж.

Монгол Улс 2005 оноос хойш ЕХ-ны Хөнгөлөлтийн ерөнхий систем (GSP+)-нд хамрагдан Европын зах зээлд бараа бүтээгдэхүүнээ хөнгөлөлттэй нөхцлөөр гаргаж байна. Өнгөрөгч онд манай улс Европын Холбооны 19 улсад 7,3 сая ам.долларын ноолуур, сүлжмэл эдлэлийг экспортлож, нийтдээ 687 гаруй мянган ам.долларын хөнгөлөлтийг GSP+ хөнгөлөлтийн системийн хүрээнд эдэлсэн нь Монголын эдийн засаг, тогтвортой хөгжлийг дэмжихэд тодорхой хувь нэмэр оруулжээ.

Мөн хугацаанд Европын холбооны орнууд руу ноос ноолуур, сүлжмэл бүтээгдэхүүн, алт, өлөн гэдэс, эсгий зэрэг нийт 727 сая ам.долларын барааг экспортлож, ЕХ-ноос машин, тоног төхөөрөмж, химийн бүтээгдэхүүн болон хүнсний бүтээгдэхүүн зэрэг 471 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн импортлосон байна.

Цаашид энэхүү хувь хэмжээг нэмэгдүүлэх, нэр төрлийг олшруулах, ялангуяа уул уурхайн бус бүтээгдэхүүнүүд болох ХАА-н гаралтай органик хүнсний бүтээгдэхүүн, арьс ширэн эдлэл, гоо сайхан, гар урлалын бүтээгдэхүүний экспортыг дэмжихэд TRAM төслийн гол үйл ажиллагаа чиглэнэ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих