Москва хотын Замын хөдөлгөөнийг зохион байгуулах төвөөр зочиллоо

Улаанбаатар хотын дарга С.Амарсайхан Москва хотод айлчлах үеэр /2019.12.06/ Москва хот болон зэргэлдээх хотуудын авто зам дээгүүр зорчдог тээврийн хэрэгслийн /Метро хамаардаггүй/ хяналт, ашиглалт, хөгжлийг оновчтой болгох асуудлыг судалж боловсруулдаг олон талт эрдэм-шинжилгээ, зураг төслийн хүрээлэн, төрийн өмчит төсөвт байгууллага болох “МосТрансПроект”-ээр зочиллоо. Хотын даргатай хамт НИТХ-ын тэргүүлэгч Б.Бадарсан, Улаанбаатар хотын Москва хот дахь суурин төлөөлөгч М.Мөнхцэцэг нар уулзалтад оролцлоо.

Дараа нь Хотын захирагч С.Амарсайхан нарын албаны хүмүүс ЦОДД буюу Москва хотын Замын хөдөлгөөнийг зохион байгуулах төвөөр зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа. Тус төв нь Москва хотын Замын хөдөлгөөний зохион байгуулалт, аюулгүй байдлыг хангахтай холбоотой үйл ажиллагааны хяналтыг хавьж, төлөвлөгөө, стратеги боловсруулж ажилладаг байна.

Москва хотын хэмжээнд бүх замын хөдөлгөөнийг 100 гаруй ажилтан 20х14 м2 өргөн дэлгэцээр 24 цагийн турш 150 мянган камерийн бичлэгийг хянаж, мэдээллийг энд хүлээн авч боловсруулдаг, үүнээс торгууль бичдэг камер 2600 ширхэг байдаг, мэдээллээ 7-30 хоногийн хугацаанд хадгалдаг, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэхийг улсын дугаараар нь олж камер автоматаар тогтоодог.

Мөн замын аваар осол гарсан тохиолдолд шалтгааныг нь тогтоож, шаардлагатай бол аль нэг автомашиныг улсын дугаараа нь хөөж хаагуур хэдэн км явсныг мэдэж болно. Москва хотын хэмжээнд 40 мянган гэрэл дохио ажилладаг, 80 мянган такси, трамбай, тролебусыг хамруулаад 10 гаруй мянган автобус нийтийн тээврийн салбарт хөдөлгөөнд оролцож байгаа тухай мэдээллийг Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд хүргэлээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих