tsag-agaar

Энэ амралтын өдрүүдээр хүйтний эрч нэмэгдэж, цасаар шуурна

Шинэ жилийн баярын арга хэмжээ болон ирэх амралтын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, цасан шуурга шуурахтай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газар /ОБЕГ/, Цаг уур орчны шинжилгээний газартай /ЦУОШГ/ хамтран өнөөдөр /2019.12.27/ мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд гол мөрөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулсан юм. Тухайлбал, арванхоёрдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн нуур битүү мөсөн бүрхүүлтэй болсон хэдий ч гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа аж. Иймд мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй цөмрөх эрсдэлтэй байгаа тул цаг хугацаа хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр мал тууварлах, тээврийн болон ердийн хэрэгсэлтэй зорчихгүй байхыг анхааруулсан юм.

~Энэ амралтын өдрүүдээр хүйтний эрч нэмэгдэж, цасаар шуурна~

Мөн пиротехникийн хэрэгсэл хэрэглэхгүй байхыг анхааруулсан юм. Шинэ жилийн баярын арга хэмжээ зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд салют, бенгалын гал болон чанарын шаардлага хангаагүй пиротехникийн хэрэгслийг зөвшөөрөлгүй газраас худалдан авч, улмаар салют буудуулах, сүлд модыг чимэглэхдээ мэргэжлийн бус хүнээр хийлгэдгээс болж бэртэж гэмтэх тохиолдол гардаг.

Тиймээс Онцгой байдлын байгууллагаас шинэ жилийн баяр тэмдэглэх, хүлээн авалт зохион байгуулах барилга байгууламжийн галын аюулгүй байдлыг шалгах, мөн үзвэр үйлчилгээ, соёл урлагийн байгууллага, томоохон худалдааны төв, захуудад пиротехникийн хэрэгсэл худалдан борлуулалтанд тавих хяналт шалгалтыг зохион байгуулж байна.

Түүнчлэн цаг уурын байгууллагаас өгч буй мэдээллээр амралтын өдрүүдэд буюу 28-нд баруун, төв, зүүн болон говийн аймгуудын ихэнх нутгаар, 29-нд нутгийн зүүн хагаст, цас орж, цасан шуурга шуурах аж. Салхи 28-нд ихэнх нутгаар, 29-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсч, хүйтний эрч чангарах төлөвтэй байна. Иймд зам даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсч болзошгүйг онцгойлон анхаарууллаа.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих