Uulchin-Gangaamaa

МУГТ Д.Гангаамаа: “Би авирах гэж ирсэн болохоос уруудах гэж ирээгүй” хэмээн өөртөө хэлсэн

~МУГТ Д.Гангаамаа: “Би авирах гэж ирсэн болохоос уруудах гэж ирээгүй” хэмээн өөртөө хэлсэн~

Дэлхийн хоёр дахь том ноён оргил, их найман уулын нэг Пакистаны талд байх К2 хайрханд амжилттай авирсан анхны монгол уулчин Д.Гангаамаа өнөөдөр мэдээлэл хийлээ.

Өнгөрсөн долдугаар сарын 14-ний өдөр Улаанбаатараас хөдөлж, 18-ны өдөр Пакистан улсад авирах газраа хүрсэн тэрээр найман улсын 10 тамирчин бүхий экспедицийн хамт ууланд амжилттай авирсан билээ. Тус бүрэлдэхүүн долдугаар сарын 21-ний өдрийн 11 цагт К2 оргилд амжилттай авирсан юм.

Ууланд авирч байх үед тэнгэр нэг цэлмээд, бүрхээд, цас ороод нэлээд тогтворгүй байсан л даа. Яг гурав дахь өдрөө авиралт хийж байхад тэнгэр муудлаа түргэн буу гэдэг дохио станцаас ирсэн. Үүний дараа багийн хөтөч маань уулчдаас буух тухай асууж байлаа. Гэхдээ би “Буухгүй, би авирах гэж ирсэн болохоос уруудах гэж ирээгүй” гэж байгаад авиралтаа үргэлжлүүлсэн. Дотроо эмээж байсан ч багийнхан хамт гарч бүгд зорилгодоо хүрсэн. Надаас өмнө монгол уулчид оргилд нь гарах гэж гурван удаа оролдсон. Монголын уулчдын олон жилийн мөрөөдлийг биелүүлсэн дээ баяртай байна” гэж Д.Гангаамаа ярьсан юм.

Монголын уулсын спортын холбоо болон Д.Гангаамаагийн хувьд хэсэг хугацаанд амраад хойд болон өмнөд туйлд очих аяллыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Одоогоор хойд болон өмнөд туйл руу аялах аяллын тов тодорхой болоогүй байгаа ажээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих