tokyo-2020

Олимпын наадмын эрх олгох боксын тэмцээн эхэллээ

Иордан Улсын Амман хотод “Токио 2020” олимпын наадмын эрх олгох боксын тэмцээн өчигдөр /2020-03-03/ эхэллээ.

Уг тэмцээн энэ сарын 3-11-ны хооронд БНХАУ-ын Ухань хотод болох байсан ч коронавирусний дэгдэлтийн улмаас өөр улсад болж байгаа нь энэ юм.

Ази, Номхон далайн орнуудын боксчдод олимпын эрх олгох уг тэмцээнд оролцох манай улсын тамирчдыг Монголын боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан, шигшээ багийн ахлах дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч Д.Батсүрэн ахалж, 22 хүн Иордан Улсад очоод байна.

Уг тэмцээний хөнгөн жингийн эхний зургаа, дунд жингийн эхний тав, хүнд жингийн эхний дөрвөн байр эзэлсэн тамирчид “Токио 2020” олимпын наадмыг зорих эрхтэй болно.

Харин эрх авч чадаагүй тамирчид ирэх тавдугаар сард Парист болох эрхийн тэмцээнд хүч үзэх боломжтой юм.

Монголын шилдэг боксчид 11 олимпын наадмын рингэнд гарахдаа нэг алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл нийт долоон медаль хүртээд байгаа билээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих