ШУА-ийн Ерөнхийлөгч, Академич Д.Рэгдэл тэргүүтэй Монголын эрдэмтэд Оросын Шинжлэх ухааны Академийн урилгаар ОХУ-д албан ёсны айлчлал хийж байна.
Монгол-Оросын хамтарсан биологийн болон палеонтологийн экспедицийн 50 жилийн ойг тохиолдуулан өнгөрсөн сард ОХУ-ийн ШУА-ийн Ерөнхийлөгч А.М.Сергеев тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчилсан. Тэрбээр ойн баярын хуралд оролцохын зэрэгцээ Монгол, Оросын ШУА-иуд хамтран ажиллах шинэчилсэн гэрээ байгуулсан юм.
Хагас зуун жилийн түүхтэй Монгол-Оросын хамтарсан биологийн болон палеонтологийн экспедицийн ойг ОХУ-д мөн тэмдэглэн өнгөрүүлж, тус үйл явдалтай холбоотой эрдэм шинжилгээний хурлыг энэ өдрүүдэд зохион байгуулж байна. Тус хуралд оролцох айлчлалын бүрэлдэхүүнд академич Р.Барсболд, Д.Доржготов, Ч.Дугаржав, Б.Бямбаа, А.Дулмаа болон ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн захирал Д.Баттогтох, Биологийн хүрээлэнгийн захирал Я.Адьяа нар багтжээ.
Монголын эрдэмтэд айлчлалынхаа хүрээнд ойн баярын хуралд оролцож, Улаанбаатарт байгуулсан гэрээг хэрэгжүүлэх “Замын зураглал”-д гарын үсэг зурлаа. Мөн хоёр орны Шинжлэх ухааны Академийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтарсан судалгаа, төслийг хэрэгжүүлэх талаар дугуй ширээний ярилцлага уулзалт хийж, тус улсын Газарзүйн Нийгэмлэг, Шинжлэх ухааны Академийн Экологи Эволюцын хүрээлэнд зочилсон байна.