ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн 2018 онд “Аурус” нэртэй шинэхэн лимузин автомашинтай болсон билээ. “Аурус” бол тус улсын төрийн албан тушаалтнуудад зориулсан автомашины шинэ брэнд юм. Нэрний хувьд алтны химийн нэршлийн эхний хэсэг болох “Ау”, Орос улсын “Рус” гэдгийг нийлүүлсэн байна.
Үүнээс өмнө Мерседес Бенз машин хөлөглөдөг байсан В.Путин 2018 оны тавдугаар сард ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол дээр шинэхэн “Аурус” төмөр хүлгээрээ гангарсан юм.
Тэгвэл тус улсын Худалдаа үйлдвэрлэлийн яамнаас ерөнхийлөгчийн хөлгийг 2013 оноос эхлэн ямар шат дамжлагаар, хэрхэн бүтээсэн талаарх видео бичлэгийг олон нийтэд дэлгэжээ. Удахгүй “Аурус” брэндийн шинэ загварын машинуудыг үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа ажээ.