work-week-four-day

Ажлын дөрвөн өдөртэй долоо хоногт шилжихийг зөвлөжээ

Эл санааг Швейцарийн Давос хотод болсон дэлхийн эдийн засгийн чуулганы үеэр хоёр судлаач дэвшүүлжээ.

Пеннсилваний Вартоны их сургуулийн сэтгэл зүйч, судлаач Адам Грант “Ажлын цагийг бууруулахад хүмүүсийн анхаарал төвлөрөл, чадвар дээшилж, бүтээмж, чанар нэмэгдэхээс гадна тэд байгууллагадаа илүү үнэнч, сэтгэл ханамжтай ажилладаг болохыг зарим туршилтын үр дүн харуулсан байдаг”  гээд шийдвэр гаргагчдад дөрвөн ажлын өдөртэй долоо хоногт шилжихийг зөвлөжээ.

Түүний санааг эдийн засагч, түүхч, “Utopia for Realists” номын зохиогч Рутгер Брегман дэмжиж, энэ санаа цоо шинэ зүйл биш бөгөөд өнгөрсөн зууны туршид яригдаж, туршигдаж байсныг баримтаар тайлбарласан байна.

“1970-аад оны хүртэл олон жилийн турш томоохон эдийн засагчид, философичид, социологичид цаашдаа хүмүүс ажлын цагаа багасгах ёстой гэдэгт итгэлтэй байсан. 1920-1930-аад оны үед зарим том капиталистууд ажлын өдрийг бууруулснаар бүтээмж нэмэгдэж байгааг илрүүлж байжээ. Жишээ нь Хенри Форд долоо хоногийн ажлын цагийг 60 цагаас 40 цаг болгон бууруулахад ажилчид нь илүү их бүтээмжтэй ажиллаж байгааг олж тогтоосон байдаг гэж тэр ярьжээ.

Цөөн ажлын өдөртэй болсноор илүү үр бүтээмжтэй ажиллаж болохыг өөр хэд хэдэн судалгаа батлан харуулсан байдаг.

Шинэ Зеландын “Perpetual Guardian” компани өнгөрсөн онд дөрвөн ажлын өдөртэй долоо хоногийг туршсан юм. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт тэд энэ ажлын горимоо тогтмол болгох шийдвэрээ зарлажээ.

Нэг судалгаагаар цөөн өдөр ажиллахад хүмүүсийн стрессийн түвшин буурч, ажил амьдралдаа илүү сэтгэл ханамжтай болж, ажлын бүтээмж нь 20 хувиар нэмэгдсэнийг тогтоосон байна.

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих