Зөв, цэвэр хэрэглээ мэт боловч хуванцар савтай ус байгаль орчныг хамгийн их сүйтгэдэг бүтээгдэхүүний нэг юм. Усны мэргэжилтэн Элизабет Ройтегийн 2008 онд хэвлүүлсэн “Ус хэрхэн худалдаанд гарав, бид яагаад худалдаж авдаг вэ” номонд бичсэнээр АНУ-д гэхэд л савласан ус жилд дунджаар 50 тэрбум борлогддогийн талаас илүү хувийнх нь хуванцар сав дахин ашиглагдахааргүй хаягддаг байна.
Савласан усыг зөөвөрлөх, хадгалах нь ч байгаль орчинд халтай. Цэвэр ус савлан худалддаг бизнесийнхэн жилд хэдэн зуун тонн нүүрс түлэх, хэдэн мянган автомашин нэгэн зэрэг асаахтай тэнцэх хэмжээний нүүрстөрөгчийн хийг агаар мандалд цацдаг. Үүн дээр хуванцар савтай бусад төрлийн ундаа үйлдвэрлэгчдийн “хувь нэмэр” үлэмж хэмжээгээр нэмэгдэнэ. Савласан усны үйлдвэрүүд гүний усыг дундалж, ундны усны нөөцөд ч сөргөөр нөлөөлдөг.
Савласан усны худалдаа өссөөр буй ч байгаль хамгаалагчид болоод зарим албаны хүн олон нийтийг гоожуурын ус хэрэглэхийг уриалж, тэмцлээ үргэлжлүүлсээр байна. Гоожуурын усыг савласан уснаас илүүд үзэх болсон нь савласан усны бизнес эрхлэгчдийг барьц алдуулж, заримыг нь дахин ашиглагдахуйц сав бүтээхэд хүргэж байна. Хөнгөн цагаан, зэвэрдэггүй ган зэрэг элдэв металлаар хийсэн усны савыг өдгөө хаа ч худалддаг. Гэвч дахин ашиглах зарим савыг мөн л хуванцраар хийдэг, тэр нь голдуу нөхөн үржихүй, зүрхэнд сөрөг нөлөөтэй бисфенол A (ВРА) хэмээх бодис агуулдаг аж.
Хуванцар савны хор нөлөөлөл
- Дэлхий нийт жилд дунджаар 2.4 тонн хуванцар сав хаядгийн 75 хувь нь цэвэр усных байдаг.
- 2013 оны судалгаагаар дэлхий нийт 2012 онд хуванцар савтай 800 тэрбум орчим бүтээгдэхүүн худалдаж авсны дөрөвний гурав нь доторх шингэн нь дууссаны дараа шууд хогийн саванд оржээ.
- Ус, ундааны хуванцар сав бол эрэг орчмын бүс нутгийг хамгийн ихээр бохирдуулдаг гурван зүйлийн нэг.
- Хуванцар саванд агуулагддаг химийн хорт бодисууд сав хаягдсаны дараа буюу дотор нь шингэн зүйл хийж ашиглахгүй байлаа ч идэвхтэй байдаг.
- Хуванцар савны хөрсөнд шингэх дундаж хугацаа 700 жил. Гэхдээ зарим төрөл нь гялгар уут шиг хэзээ ч өөр биетэд уусаж шингэдэггүй.
- Хуванцар саван дахь химийн бодисууд амьтны дотор эрхтэн, арьс, үсээс гадна хүний мэдрэлийн эсийг гэмтээдэг нь нотлогдсон.
Хуванцар савны хор хөнөөлийн талаар дэлхий нийт ярьдаг болсноос хойш анх удаа 2008 онд дэлхий дахины хуванцар савны хэрэглээ өмнөх оныхоос нь буурсан тооцоо гарсан бол 2013 оны судалгаагаар усны нэг удаагийн бус савны худалдаа дөрвөн жилийн өмнөхтэй харьцуулахад олон улсад 30 орчим хувиар өссөн дүнтэй байв.
Агаар дахь хүлэмжийн хийн хэмжээг нэмэлгүйгээр хуванцар сав бүтээхэд ашиглах ионы шингэн хэмээх түүхий эд гаргаснаа Сингапурын эрдэмтэд 2013 оны сүүлчээр зарласан. Харин 2016 онд англи эрдэмтэнд аман дотор хайлдаг, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, цэвэр усны уутанцар бүтээснээ танилцуулжээ. Европ мэргэжилтнүүд гэрэл, дулаан ялгаруулагч тусгай төхөөрөмж ашиглан хуванцар савны хор хөнөөлийг багасгах арга сэдсэн нь бий. Төсөл амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд төхөөрөмжийг бүтээх ажил ид өрнөж байгаа талаар хоёр жилийн өмнө мэдээлж байсан юм. Гэхдээ энэ бүхнээс илүүтэй цоргоныхоо усыг шүүж, буцалган уух нь байгаль орчныг болоод өөрийгөө ч хайрласан үйлдэл болох юм.