Хүний уураг тархи 80 тэрбум нейроноос бүрддэг. Их тоо мэт санагдах боловч хүний биеийн жингийн ердөө 2%-ийг л эзэлдэг байна. Хэдий тийм боловч бидний хоол ундаараа дамжуулан авч буй энергийн 20% нь уураг тархины хэвийн үйл ажиллагааг хангахад зориулагддаг гэнэ. Толгой дотор ямар ч ажил хэрэгч санаа төрөөгүй, огт идэвхгүй байхдаа ч тархи ийм “ховдог” байдаг гэнэ. Иймээс түүнийг дэмий тэжээж ашиглаж байх биш үр бүтээлтэй ажиллуулах талаар бодолцох хэрэгтэй.
Одоогоор хамгийн үр дүнтэйд тооцогдож буй аргуудыг та бүхэнтэй хуваалцъя.
Биеийн хүчний дасгал хийх
Биеийн хүчний дасгал нь булчин шөрмөсийг сайн хөгжүүлдэг гэдгийг бид мэднэ. Тэгвэл өөр бас нэг ашигтай тал бий. Идэвхитэй хөдөлгөөн хийх үед зөвхөн булчингийн төдийгүй тархины цусан хангамж сайжирч ажиллах чадвар нь нэмэгддэг байна.Түүнчлэн толгой дээрээ зогсдог йогийн дасгал байнга хийж байвал үр дүн нь бүр илүү гэнэ.
Ус уух
Олон хүн өглөөгүүр аяга кофе уухыг чухалчилдаг. Гэвч бүх сэргээгч бодисын нэгэн адил кофеины үйлчилгээ дороо гарч хүн ахиад л ядарч залхуурч эхэлдэг. Харин нойрноос сэрсэн даруйдаа цэвэр ус ууж хэвшвэл удаан хугацаагаар цовоо сэргэлэн байдлаа хадгалдаг гэнэ. Өлөн элгэн дээрээ уусан ус ходоод гэдэсний үйл ажиллагааг сайжруулдаг ба энэ нь бие сэтгэл хөнгөн, тархи толгой саруул байхын үндэс болдог юм байна.
5 мэдрэхүйгээ тэгш идэвхжүүлэх
Хүн өнгийг сайн ялгадаг боловч үнэрлэхдээ тааруу гэнэ. Гэтэл үнэрлэх мэдрэмж нь анхаардаа төвлөрүүлж оюунаа цэгцлэхэд маш чухал үүрэгтэй гэнэ. Ялангуяа анхаарал шаардсан ажил хийх үедээ анхилуун үнэрт цэцэгсийн хажууд суух нь их хэрэгтэй гэнэ.
Аливаа зүйлээс ямагт сайныг олж хар
Хаашаа ч яаралгүй, юунаас ч эмээлгүй, тайван амгалан нөхцөлд оюуны хөдөлмөр хийх нь хялбар болоод үр дүнтэй байдгийг бүгд мэднэ. Бодит амьдралд ийм нөхцөл ховор тохиолддог нь харамсалтай. Гэхдээ боломжгүйг боломжтой болгож, гэрэлтэй талыг нь бодож хийвэл ажлын бүтээмж хамаагүй өндөр байх болно.
Оюун ухаан сорьсон тоглоом тоглох
Бүх төрлийн оюуны тоглоом, таавар, үгийн сүлжээ, судоку зэрэг нь зүгээр нэг цаг нөгцөөх арга биш, харин тархины сайн дасгал болдог. Өвчний улмаас доголдсон уураг тархины сэтгэн бодох чадварыг эдгээр тоглоомнууд сэргээдэг болох нь нотлогджээ. Хэрэв та ийм төрлийн тоглоомонд дуртай бол уураг тархи чинь амарч байх үедээ ч “формондоо” байна гэсэн үг.
Зөв хооллох
Тархины гол ”шатахуун ” нь глюкоз гэдэг. Энэ нь ухаантай болохын тулд амттаныг чихээд бай гэсэн үг биш шүү. Харин ч эсрэгээр. Хурц ухаан, төгс ойтой байхын гол үндэс нь жимс ногоо зонхилсон эрүүл, зөв хооллолт юм. Чихэрлэг амттанд туйлын бага “туслах дүр”-ийг л үлдээгээрэй.
Интернэтийг зөв ашиглах
Интернетэд бүх төрлийн мэдээлэл бий. Эндээс хүссэн сонирхсон бүхнээ олж цангаагаа тайлж болно. Харин зөв хайж сурах нь чухал. Хэрэгтэй мэдээллээ хайх процесс нь жирийн уншлагаас илүүтэйгээр уураг тархийг ядраадаг болох нь судалгаагаар тогтоогджээ.
Үргэлж шинэ зүйл сурч мэдэж байх
Бэлтгэл сургууль муутай бол хамгийн мундаг булчин ч шалхайн сулрах тавилантай байдгийн нэгэн адил хамгийн ухаантай тархи ч ажиллахгүй л байх юм бол ” тэнэгэрдэг ”. Ийм байдалд орохгүйн тулд тасралтгүй суралц, хөгж! Гадаад хэл сурах, хоол хийж сурах…гээд л сурах юм мундахгүй. Өдөрт 15 минутыг сурах үйл ажиллагаанд зарцуулаад байвал уураг тархины доройтлоос сэргийлж бүрнээ чадна.