no-key-car

Түлхүүргүй автомашинууд хулгайд өртөх магадлалтай

Түлхүүргүй 200 гаруй загварын автомашин хулгайд өртөх магадлалтай болохыг Их Британийн “Which?” хэрэглэгчдийн холбооноос гаргасан тайланд мэдээлэв.

Сүүлийн үеийн автомашинуудыг түлхүүргүй нэвтрэх системтэй бүтээх болсон нь эзэмшигчид нь халаас гэх мэт ойрын зайнаас машинаа онгойлгож, түгжих боломжийг бүрдүүлсэн билээ. Гэтэл гэмт этгээдүүд тусгай хэрэгсэл ашиглан уг системийг хуурснаар автомашинд нэвтэрч, унаж явах боломжтой болсныг мэргэжилтнүүд тогтоосон байна.

1990-ээд оны үед цөөн гардаг байсан автомашины хулгайн хэрэг сүүлийн жилүүдэд нэмэгдэх болсон шалтгаануудын нэг нь түлхүүргүй технологитой холбоотой ажээ. 2018 оны гуравдугаар сар хүртэлх нэг жилийн хугацаанд Англи болон Уэльст тээврийн хэрэгслийн хулгайн 106 мянга гаруй хэрэг бүртгэгдсэн нь 2009 оноос хойшхи хамгийн өндөр үзүүлэлт болсон байна.

“Which?” хэрэглэгчдийн холбооны тайланд мөн автомашинаа хулгайд алдахаас сэргийлэх алхмуудын талаар олон нийтэд танилцуулсан байна.Үүнд:

  • Автомашинаа цоожтой гаражид тавих,
  • Жолооны хүрдэндээ хамгаалалт байрлуулах,
  • Автомашины тань програм хангамжид хамгийн сүүлийн үеийн шинэчлэл хийгдсэн эсэхийг шалгах зэргийг нэрлэжээ.

Түүнчлэн телевизийн “CNN” сувгийн сэтгүүлч автомашин үйлдвэрлэгч компаниудын төлөөлөгчидтэй холбогдон энэ асуудлын талаар тодруулсан байна.

“Ford” компанийн хэвлэлийн албаны төлөөлөгч хэлэхдээ, хэрэглэгчийн эрх ашигт үл нийцэх түлхүүргүй технологийг санал болгохоос автомашин үйлдвэрлэгчид татгалзах хэрэгтэй гэжээ. Харин хэдийнэ худалдан авалт хийсэн хэрэглэгчдийн хувьд аюулгүй байдлаа чангатгах хэрэгтэй хэмээн зөвлөсөн байна.

“Nissan” компанийн мэдэгдсэнээр, манай мэргэжилтнүүд энэ төрлийн халдлагаас болгоомжилж байгаа бөгөөд хэрэглэгчдийнхээ өмнө үүрэг хүлээсний хувьд тэдний эрх ашгийг хамгаалахаар ажиллаж байгаа гэжээ.

“Автомашины аюулгүй байдал улам ноцтой болж байна. Бид бүтээгдэхүүнээ улам аюулгүй болгох арга замыг хайж байна” гэж “Honda” компанийн төлөөлөгч хэлсэн байна

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих