418292_406196979439941_1211613855_n

Хавар махан идээг багасгаж, шар идээг хэрэглэх нь зөв

Бидний монголчуудын идээ ундааг хүртэж хэрэглэж байсан ёс заншил маш эртний, маш нарийн, өөрийн гэсэн өвөрмөц дэг жаягтай ажгуу. Идээ ундааг хэрэглэхдээ хүний бие махбодын онцлог, цаг агаарын онцлог, насны онцлог, хэмжээ чанар, өнгө зэрэг олон зүйлийг харгалзан үздэг байжээ. Идээ ундааг зөв хэрэглээгүй, дээр дурдсан онцлогийг харгалзахгүй бол эрүүл мэндэд хортой нөлөөлөх, ихэнх өвчнийг үүсгэх нөхцөл болно, харин тохируулан хэрэглэвэл аливаа өвчнөөс урьдчилан сэргийлж, идэвхтэй, аз жаргалтай урт насална гэж үзсээр иржээ.

Хаврын улиралд идвэл зохих хоол хүнс

Хүн амьтан байтугай ус хүртэл эцдэг хаврын энэ улиралд хамгийн зохистой идээ нь халуун хүйтнийг тэнцүүлэх бүлээн гаралтай идээ байх ёстой гэж Монголын уламжлалын анагаах ухаанд үздэг юм. Тэр сайн идээ бол шар идээ юм.

Тослог, хөнгөн, илчлэг ихтэй идээний төрлийг шар тосоор төлөөлүүлж бэлгэдэж шар идээ гэж нэрлэдэг. Хаврын цагт улаан идээ буюу махан идээг арай багасгаж, шар идээг түлхүү хэрэглэнэ.

Шар идээнд шар тос, арвайн гурил, шар будаатай цай, шар тостой цай, ээзгий, бяслаг, өрөм, зөөхий, уураг, хайлмаг зэрэг олон төрлийн идээ ундаа багтана. Шар идээ нь улаан идээг бодвол шингэц сайтай, ходоодны галын илчийг сэлбэж, илчийг үүсгэдэг учир хувирамтгай цаг агаар, салхи жаврыг давахад чухал үүрэгтэй юм.

Ахмад үе маань шар тостой арвайн гурил зуурч, аарцтай шөл, сонгино сармистай бууз, шар тосонд гурилдсан цай ууж биеийн эсэргүүцэл, аливаа өвчнөөс сэргийлэх дархлаагаа сайжруулж хаврын хүнд улирлыг санаа амар давдаг байжээ.

Хавар хаварт ханиад томуу ихэсч, хууч өвчин хөдөлдөг болохоор идээ ундаа хэрэглэх уламжлалт ёс заншлаа эргэцүүлэн бодож, дагаж мөрдвөл зохилтой санагдана.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих