Дэлхий даяар олон сая хүн таахад амархан нууц үг ашиглаж, өөрсдийн хаягаа эрсдэлд оруулдаг тухай Их Британийн Үндэсний кибер аюулгүй байдлын төвийн /NCSC/ судалгаанд мэдээлэв.
Энэхүү судалгаа нь олон нийтийн кибер мэдлэгийг сайжруулах зорилготой юм. Судалгааны дүнгээс үзэхэд, дэлхий даяар аливаа зөрчлийн хохирогч болсон хаягийн хэрэглэгчид “123456” хэмээх нууц үгийг хамгийн түгээмэл ашигласан байжээ.
Үндэсний кибер аюулгүй байдлын төвийн мэргэжилтнүүдийн хэлснээр, санамсаргүй боловч цээжлэхэд амар үгийг хэрэглэх нь “сайн” нууц үг зохиоход тустай ажээ.
Хүмүүсийн хамгийн түгээмэл хэрэглэдэг нууц үг “123456” /23 сая хүн/ байсан бол үүний дараа “123456789” байжээ. Үүний зэрэгцээ “qwerty”, “password” болон “1111111” хэмээх нууц үгийг хамгийн их ашигладгийг тогтоожээ. Харин хөл бөмбөгтэй холбогдолтой нууц үгийн жагсаалтыг “Liverpool” болон “Chelsea” тэргүүлсэн байна.
“Хүмүүсийн сайн мэддэг үг болон нэрсийг нууц үг болгон ашиглах нь хакердуулах эрсдлийг нэмэгдүүлдэг. Өөрсдийн чухал хаягийнхаа нууц үгийг овог нэр, дэмждэг хөл бөмбөгийн баг, дуртай хамтлаг зэрэг таахад амархан байдлаар сонгохгүй байх хэрэгтэй” гэж Үндэсний кибер аюулгүй байдлын төвийн мэргэжилтэн, доктор Ян Леви хэлжээ.