Монгол улсад орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 93 жилийн ой тохиож байна. Барилга, хот байгуулалтын яамнаас “МОНГОЛЫН БАРИЛГАЧДЫН ӨДӨР” ёслолын арга хэмжээг есдүгээр сарын 6-ны өдөр Барилгачдын талбайд зохион байгуулж, барилгын салбарын үе үеийн инженер, техникийн ажилтнуудад хүндэтгэл үзүүлэн, шилдэг ААН, байгууллагуудыг тодруулан алдаршууллаа.
Ёслолын арга хэмжээнд Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Дэд сайд Б.Мөнхбаатар, Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Газар зохион байгуулалт, геодези зурагзүйн газар, ТОСК, Барилгын хөгжлийн төвийн удирдлагууд, БХБЯ-ны харьяа газрын мэргэжилтнүүд, барилгын салбарын үе үеийн ахмадууд, гавьяатууд, төрийн бус байгууллага, ААН, байгууллагуудын удирдлагууд, барилгын салбарын инженер техникийн ажилтан алба хаагчид оролцлоо.
“Барилгачдын баяр-2019” үйл ажиллагааг нээж БХБ-ын сайд Х.Баделхан үг хэлэхдээ:
Эрхэм хүндэт Барилгачид аа,
Монгол улсын бүтээн байгуулалтын талбар болох Барилга, хот байгуулалтын салбарыг хөгжүүлэх үйлсэд оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулан ажиллаж байгаа нийт ажиллагсад, инженер техникийн ажилтан та бүхэндээ Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсэж, хөгжсөний түүхт 93 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Манай салбарынхан инженерийн болон барилга архитектур, экстерьер, дизайны цогц шийдэл бүхий орчин цагийн барилга, байгууламжуудыг сүндэрлүүлж, хот байгуулалтын салбараа өргөжин хөгжүүлсээр байгаа билээ.
Барилга бүтээн байгуулалтын салбарын үйл ажиллагаа 2019 онд өргөжин тэлж, хөрөнгө оруулалт нэмэгдэж томоохон бүтээн байгуулалт өрнөсөн жил болж байна. Барилгын салбараас Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүнд оруулсан хувь хэмжээ 2019 оны хагас жилийн байдлаар 9.3 хувиар буюу 230.7 тэрбум төгрөгөөр өсөж, Улсын хэмжээнд хийгдсэн барилга угсралт, их засварын хэмжээ энэ оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 1.8 их наяд төгрөгт хүрч нэмэгдлээ.
Барилгын салбарын ажиллагсдын цалин 2016 онтой харьцуулахад 30.7 хувиар нэмэгдэж, энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 1 сая 123 мянган төгрөгт хүрч, жил бүр 8-9 мянга орчим суралцагч, инженер, техникийн ажилтнаар хүч сэлбэн өргөжиж байна.
Хот, суурин газрууд барилгачдын маань уран гараар тасралтгүй хөгжин цэцэглэж буй бахархлын цаана барилгын салбарт ажиллаж буй та бүхний оюун ухаан, нөр их хүч, хөлс шингэсэн хөдөлмөр бий гэдгийг баярын энэ өдөр тэмдэглэн хэлэхийг хүсэж байна.
Их бүтээн байгуулагч барилгачдын маань үйлс нь улам өөдөө байж “Шинэ бүтээн байгуулалт”-ын төлөө сэтгэл, зүтгэл нэгдэн урагшилна гэдэгт итгэлтэй байна.
Та бүхний улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө бүтээн байгуулсан үйлс бүхэн дэлгэрэх болтугай” гэлээ.
“Барилгачдын баяр-2019” арга хэмжээний хүрээнд Барилгын салбарын оны шилдэг аж ахуй нэгж, байгууллагыг шалгаруулах журам” -ын дагуу 2019 оны шилдэг аж ахуй нэгж, байгууллагыг шалгаруулж, салбарын шилдэг аж ахуйн нэгж байгууллагуудын тугийг Барилгачдын талбайд мандууллаа.
~“Барилгачдын баяр-2019” үйл ажиллагааг нээж БХБ-ын сайд Х.Баделхан үг хэллээ~
Барилга угсралтын чиглэлээр:
– “НБИК” ХХК;
– “Жунсон констракшн” ХХК
Инженерийн шугам сүлжээний чиглэлээр:
– “Одкон холдинг” ХХК
Барилгын материал үйлдвэрлэлийн чиглэлээр:
– “Монгол базальт” ХХК
– “Пирамид индастри” ХХК
Барилга байгууламжийн зураг төслийн чиглэлээр:
– “Эн Эй Пи Групп” ХХК
– “Криетив Монголиа” ХХК
Өргөх байгууламжийн чиглэлээр:
– “Редпат монгол” ХХК
Нийтийн аж ахуйн чиглэлээр:
– “Төв-Чандмань-ДЭХГ”
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр:
– “Монкон констракшн” ХХКТүүнчлэн Барилга, орон сууц, нийтийн аж ахуйн салбарт үйлчилгээ үзүүлж буй төрийн болон төрийн бус байгууллагуудын танилцуулга, нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулагдаж байна. Нээлттэй хаалганы өдөрлөг 10:00-17:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд иргэд, олон нийт барилгын салбартай холбоотой бүхий л мэдээллийг авах боломжтой. Өдөрлөгт Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези зурагзүйн газар, Барилгын хөгжлийн төв, “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар, Барилгын салбарын ТББ, мэргэжлийн холбоод, Барилгын компаниуд оролцож байна.
БАРИЛГЫН САЛБАРЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ӨРГӨЖИН ТЭЛСЭЭР БАЙНА
Барилга, хот байгуулалтын яам салбарынхаа дунд хугацааны бодлогоо тодорхойлж Засгийн газрын 2019 оны 70 дугаар тогтоолоор “Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлого”-ыг батлуулан хэрэгжүүлж байна. Үүний үр дүнд Төрийн бодлогын залгамж чанар, салбар хоорондын уялдааг сайжруулах, салбарын хөгжлийг судалгаанд суурилсан техникийн нэгдсэн бодлогоор хангах, байгаль орчин, эдийн засаг, нийгмийн хөгжилд тодорхой ахиц гаргах нөхцөл бүрдэж байна.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу “150 мянган айл-Орон сууц” үндэсний хөтөлбөрийг батлуулан хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөрийг 2019-2023 онд хэрэгжүүлж, төв, суурин газарт амьдардаг өрхүүдийн дийлэнх олонх нь өөрсдийн худалдан авах чадварт нийцсэн, монгол орны цаг уурын нөхцөлд тохирсон, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангасан, инженерийн бүрэн хангамжтай орон сууцтай болох нөхцөлийг бүрдүүлэх юм.
Барилга, хот байгуулалтын яам нь Засгийн газраас дэвшүүлсэн бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж, эрх зүйн орчинг боловсронгуй болгож, салбарын хэмжээнд гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн ажиллаж, эхнээсээ үр дүнд хүрч байна.
“Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн журам”-ыг батлуулан, Ипотекийн зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийг хоёр дахин, түрээсийн орон сууцны санг 1542 айлаар нэмэгдүүлэн Говь-Алтай, Хөвсгөл, Орхон, Улаанбаатар хотод түрээсийн орон сууц барьж, ашиглалтад орууллаа.
БНСУ-ын Засгийн газраас Монгол улсад олгох нэн хөнгөлөлттэй 500 сая ам.долларын зээлээр “Солонго-1”, “Солонго-2”, “Баянголын ам” зэрэг нийт 8000 орчим айлын түрээсийн орон сууцны санг бүрдүүлэхээр 2019 оны гуравдугаар сард БНСУ-ын талтай санамж бичгийг байгууллаа. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд баригдах “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийг хэрэгжүүлэх хэлэлцээрийг баталж, газар чөлөөлөлт, дэд бүтцийн ажил эхэллээ.
Нийтийн аж ахуйн, инженерийн дэд бүтцийг сайжруулах зорилгын хүрээнд БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих” төслийг эхлүүлж, хуримтлагдсан лагийг бүрэн боловсруулах, үнэргүйжүүлэх, дахин ашиглах технологи нэвтрүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна. Мөн гадаадын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд бүх аймгуудад биологи цэвэрлэгээний өндөр бүтээмжтэй цэвэрлэх байгууламж барих ажил эрчимтэй өрнөж байна.
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ