Урин дулаан цаг ирж, иргэд унадаг дугуйгаар хөдөлгөөнд оролцох сонирхол их байна. Гэвч нийслэлд иргэд дугуйтай зорчих орчин нөхцөл тааруу хэвээр байгаа нь осол гарах нэг шалтгаан болж байна.
Жил бүр дунджаар 80-100 орчим унадаг дугуйн осол бүртгэгддэг аж. Нийслэлд унадаг дугуйн зам огт байхгүй биш байгаа. Гэхдээ зарим дугуйн зам богинохон үргэлжилсэн, огцом дууссан зэрэг зөрчилтэй байдаг нь дугуйчдыг явган хүний зам юм уу, авто машины замаар зорчиход хүргэдэг.
Унадаг дугуйгаар зорчигчдыг хурдан, саадгүй зорчиход төвөг учруулсаар байна. Мэдээж, унадаг дугуй хэрэглэгчийн тоо нэмэгдэх нь олон талын ашигтай. Замын түгжрэл тодорхой хэмжээгээр буурч, иргэд амьдралын зөв хэвшилтэй болно. Үүний тулд аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлэх нь чухал байна. Нийслэлийн хэмжээнд нийт 350.3 км дугуйн зам байгаа нь хангалттай үзүүлэлт биш юм.