Монголын зохиолчдын эвлэл байгуулагдсны түүхт 91 жилийн ой энэ онд тохиож байна. МЗЭ-ийн ойн баярын өдөр буюу нэгдүгээр сарын 9-ний өдөр их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөж, их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ.
1929 оны энэ өдөр уран зохиолын авьяастнууд хуралдаж, уран зохиолын бүлгэмийг байгуулжээ. Иймд уг өдрийг МЗЭ байгуулагдсан өдөр хэмээн түүхэнд тэмдэглэсэн байдаг билээ.
Анхны бүлгэм байгуулахад хожим нэрт уран бүтээлч болсон С.Буяннэмэх, М.Ядамсүрэн, Ц.Дамдинсүрэн, Б.Ренчин, Г.Навааннамжил нарын зэрэг 17 хүн оролцжээ.
Тус бүлгэмийн удирдах зөвлөлд С.Буяннэмэх, М.Ядамсүрэн, Ц.Дамдинсүрэн, Б.Ренчин, Б.Дугаржав нар сонгогджээ.
Харин 1929 оны сүүлээр уран зохиолын бүлгэмийн гишүүдийн бүтээлээр “Уран үгсийн чуулган” хэмээх цоморлигийг хэвлүүлсэн байна. Үүнд Д.Нацагдорж, С.Буяннэмэх, Д.Чимид, Д.Пэрэнлэй, Ч.Дашням нарын зэрэг хүмүүсийн бичсэн яруу найраг, өгүүллэг, судалгааны өгүүлэл, үлгэр домог зэрэг бүтээл багтжээ.
“Уран үгсийн чуулган” хэмээх энэ цоморлиг бол шинэ Монголын зохиолчдын анхны зохиолын эмхэтгэл юм.
Энэ өдөр МЗЭ-ийн өнөөгийн удирдах зөвлөлийн хамт олон гишүүдтэйгээ Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөж, Чингис хаан, Д.Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай билээ.