Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн “Урт цагаан үйлчилгээний төвийн үйл ажиллагааг зогсоох тухай” А/216 дугаар захирамж гарсантай холбогдуулан байгууллага хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэх, үр нөлөөтэй болгох санал, санаачилга гарган, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, үр өгөөжийг дээшлүүлэн цаашид харилцан ашигтай ажил өрнүүлэх зорилгоор нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрыг төлөөлж тус газрын дарга Ш.Үнэнбат, “Урт цагаан” худалдаа үйлчилгээний төвийн түрээслэгчдийн үйлдвэрчний эвлэлийн хороог төлөөлж тус хорооны дарга Х.Гантулга нар харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.
Санамж бичиг нь хоёр байгууллагын хамтын ажиллагааг дэмжих, харилцан итгэлцлийг бий болгох үндэс суурийг тавих зорилготой аж.
Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан “Урт цагаан бол мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр эрүүл, аюулгүй орчны шаардлага хангахгүй нь тогтоогдсон учраас бид иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчныг хангах үүднээс шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна. Цаашид шат дараатай арга хэмжээ авч жижиг, дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдээ дэмжиж, аль болох асуудлуудаа шийдээд ажлын байраар хангаад явна” гэлээ.
~”Урт цагаан” худалдаа үйлчилгээний төвийн түрээслэгчдийг ажлын байраар хангана~
Энэ үеэр нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга Ш.Үнэнбат “Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газарт дам түрээсэлж байсан иргэдийг хохироохгүй ажлын байраар хангах үүрэг чиглэлийг нийслэлийн Засаг даргаас өгсөн. Энэ дагуу өнөөдөр эхний ээлжинд 12 иргэний ажлын байрыг шийдэж, үйл ажиллагаагаа хэвийн явуулж эхэллээ. Энэ ажил үе шаттай хэрэгжиж дараагийн ээлжний иргэдийг ажлын байраар хангана” гэлээ.
Иргэдийг ажлын байраар хангахдаа нийслэлийн Төр, захиргааны IV байран дахь нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн байранд 280 орчим ам.метр талбайг гаргасан байна. Энэхүү ажлыг Урт цагааны түрээслэгчдийн үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтарч хэрэгжүүлж байгаа бөгөөд цаашид үе шаттайгаар бүх түрээслэгчийг ажлын байраар хангахаар төлөвлөжээ. Түүнчлэн нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газартай 30 түрээслэгч гэрээ байгуулж ирсний эхний гурав нь өнөөдөр акт үйлдэж, нийслэлийн өмчийг хүлээлгэн өгсөн байна.
Мөн Урт цагаанд 22 жил түрээсээр ажил эрхэлсэн иргэн А.Оюундарь “Би 22 жил түрээс төлж ажиллаж ирсэн. Урт цагаан худалдаа үйлчилгээний төвийн түрээслэгчдийн үйлдвэрчний эвлэлийн хороо байгуулаад нийслэлийн удирдлагуудтай хамтран ажиллах болсондоо баяртай байна. Биднийг эрүүл, аюулгүй орчинд ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлж өгч байгаа нийслэлийн удирдлагууддаа баярлалаа. Харин гомдол гаргаад байгаа зарим хүмүүс бол бидэнд дам түрээсэлж байсан иргэд гэдгийг хэлмээр байна” гэсэн юм.