АНУ-ын поп од Мэрайя Кэригийн 1994 онд анх дуулж танилцуулсан “All I Want for Christmas is You” хит дуу өнөөдрийг хүртэл жил бүр эзэндээ хагас сая ам.долларын ашиг оруулж байдаг ажээ.
Бүтээлийг нь ашигласны төлбөрт Мэрайя жил бүр ийм хэмжээний орлого зүгээр сууж байгаад олдог байна. 2003 онд дэлгэцэнд гарсан “Love Actually” кинонд энэ бүтээлийг ашигласан нь жил бүрийн зул сарын баярын сүлд дуу болоход нь чухал түлхэц болсон гэдэг.
1994 оны төгсгөлд “All I Want for Christmas is You” дууны ачаар Мэрайя Кэригийн цомог гурван сая хувь борлогдож байсан бол өнөөдрийг хүртэл энэхүү домогт дуунаас олсон орлогын нийлбэр нь $60 сая гэж хөгжмийн салбарын судлаачид тооцоолсон байна.
Энэ долоо хоногт Мэрайя Кэригийн хит дуу АНУ-ын Биллбордын “Hot 100” жагсаалтын 6-д бичигдэж, сүүлийн 60 жилийн хугацаанд хамгийн өндөрт эрэмбэлэгдсэн зул сарын дуу болоод байна.