b74ecec7019242edbcb3db1cf4596071

Амтат Солонгос хоол Жэюг Буггимийн жор

Ийм хүйтэн салхитай өдрүүдэд халуун ногоотой хоол хийж идмээр санагддаг уу? Халуун ногоогоор амталсан гахайн махтай хоол буюу Жэюг Буггимийн жорыг танилцуулъя.

Доорх материалыг 2-3 хүний порцоор тооцож бэлтгэсэн.

Орц:

Гахайн мах 600 – 800гр

Улаан, ногоон халуун чинжүү тус бүр 1 ш

Бөөрөнхий цагаан сонгино 1 ш

Ногоон сонгино нэг жижиг багц

Нухаж бэлтгэсэн сармис 3 – 4 хумс Алим ¼ ширхэг

Элсэн чихэр 2 х/х

Амтлагч: давс амталж үзээд хүссэн хэмжээгээр хийнэ

Хар перец ¼ х/х

Гучужан 5 х/х

Гучугару 1 х/х

Цуу 1 х/х

Гүнжидийн тос /чамгирим/ ½ х/х

Цагаан архи 1 х/х

Хийх аргачлал: Гахайн махаа нимгэн хавтгай хэрчинэ. Хавтгай хэрчсэн махан дээрээ 1 х/х архиа нэмнэ. Энэ нь махыг зөөлрүүлж өгдөг. Мөн давс, перцээ нэмж өгнө. Эдгээр орцоо сайтар хольж 10 минут амраана. Бөөрөнхий болон ногоон сонгино, улаан ногоон чинжүүгээ урт нарийхан хэрчиж бэлтгэнэ. Урьдчилж бэлтгэсэн алимаа нухна. Саванд махаа хийж дээрээс нь алимны нухаш, бөөрөнхий сонгино, цуу, гучужан, гучугару, сармис, элсэн чихэр, гүнжидийн тосоо нэмээд сайтар базаж, хольж өгнө. Үүний дараа саваа таглаад хөргөгчинд 2-3 цаг хадгална. Ингэснээр маханд амт нь сайн шингэдэг. Хөргөгчнөөс 2-3 цагийн дараа гаргаж сайтар халаасан хайруулын тавганд хуурна. Мах бүрэн болохын өмнө улаан, ногоон чинжүү, ногоон сонгиноо нэмээрэй. Мөн бага зэрэг ус хийнэ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих