Парис хот дахь анхны нудист буюу нүцгэн ресторан жил гаруй хугацаанд үйл ажиллагаа явуулсны эцэст хаалгаа хаахаар болжээ.
CNN агентлагийн мэдээлснээр, Францын нийслэлийн 12-р дүүрэгт байрлах “ONaturel” ресторан санхүүгийн шалтгааны улмаас энэ оны хоёрдугаар сарын 16-ны өдөр үүдээ барина гэнэ. Рестораны эзэд нь үлдсэн хугацаанд амжиж Францын уламжлалт хоолоор дайлуулан, сүүлийн “нүцгэн зоог” барихыг уриалжээ.
2017 оны арваннэгдүгээр сард үйл ажиллагаагаа эхлүүлсэн тус рестораны үйлчлүүлэгчид хоолны амтыг магтан, байгалиас төрсөн биеэр хоол идэх онцгой мэдрэмж авсан тухай ам дамжин шагширдаг байна.
Рестораны үйлчлүүлэгчид хувцасны өрөөнд хувцсаа тайлж, хувийн нууцыг хамгаалах үүднээс гар утсаа хүртэл үлдээн, зоогийн танхим ордог гэнэ.
“Хүмүүст энгийн, өөрийнхөөрөө байх боломж олгох нь бидний зорилго юм” гэж рестораны эзэн Стефан “O”Naturel” нээгдсэнтэй холбогдуулан Франс Пресс агентлагт өгсөн ярилцлагадаа онцолж байжээ.
Хүмүүст байгалиас төрсөн биеэрээ байх орчин бүрдүүлсэн газар зөвхөн энэ ресторанаар хязгаарлахгүй. 2017 оны наймдугаар сард Парис хотын “Венсений ой” цэцэрлэгт хүрээлэнд нудистын бүсийг байгуулсан бөгөөд гурван сарын дараа хаалгаа барьсан ч, 2018 оны хавар дахин нээгдсэн билээ.
Өнгөрсөн оны тавдугаар сарын 5-ны өдөр тус хотын “Токио Ордон” галерей нудистуудад зориулж хаалгаа нээсэн бол мөн оны зургадугаар сард Парисын нудистуудын холбоо өргөн хэмжээний зугаалга зохион байгуулж байжээ.