dq4sdl920m6qev4b6saul9i13_b

Хавар тарваганы мах иддэггүйн учир

Миний бие тарвагатай нутагт төрж өсөж, тарвагатай нутагт ажиллаж, аж төрөв. Бас зуны сүүлч, намар тарвагатай хөөцөлдөж махы нь зөндөө хүртсэн нэгэн. Мөн жилдээ олон тарвага агнаж сурсан анчидтай ярьж, тэдний хуучлахыг сонсож байв. Монголчууд хавар тарвага агнаж иддэггүй гэдэг байв. Яагаад. Завханы Тосонцэнгэл, Улиастайн орчин болон өндөр уултай нутагт тарвага 9-р сарын 25-ны өдөр үд дундын үе гэхэд нартай дулаахан байсан ч нүхээ шороогоор дотроос нь түлхэж бөглөөд ичээндээ амрахыг олон намар ажигласан билээ. Харин зуслангийн айлын дэргэд нүхтэй тарвага жаахан оройтож ичих нь бий.

Өндөр уулын нутгийн тарвага зургаан сар гарантай ичээд цастай хүйтэнд ч 4-р сарын нэгэн гэхэд ичээнээсээ гараад нүхнийхээ дошин дээр байхыг харсан билээ. Ичээнээсээ гарсан дариухандаа тарвага жаахан өөхтэй байдаг, гэхдээ заар амттай гэж ярьдаг.

Тарваганы судлаачид бичихдээ бүдүүн тарвага ичих хүртлээ таргалж 1000-1500 гр түүнээс ч илүү өөх хуримтлуулсан байдаг. Тарвага ичээнийхээ үед өөхөн эсийн 99%, элэгнийхээ 59%, уушигны 45%, булчингийн 30%, зүрхний 27%, араг ясны 12% -ийг зарцуулсан байдаг гэжээ. Ичээнээс гарах үедээ 100-200 гр орчим өөхтэй үлдсэн байдаг гэжээ. Энэ бол шинжлэх ухааны судалгаагаар илрүүлсэн дүгнэлт юм. Тэгээд тарвага олуулаа нэг дор ичдэг. Ичээнээсээ гарахдаа тарч хээлтсэн байдаг. Ичээнээс гарахаасаа өмнө нүхэндээ тарвага эвцэлд ордог ажээ. Тэгээд тарвага хавар сэргээд хөлдүү ичигээ цоолох гэж нэлээд хэд хонодог байх. Ичиг гэдэг нь баас нойтон шороо чулууны холимог зуурмагаар ичээ нүхээ метр орчим зузаантай бөглөсөн байдаг юм. Тэр хөлдүү зуурмагийг ухаж зайлуулахад бас хэд хоног ордог байх аа.

Тарвага газрын хөрсөн дор нэлээд гүнд ичинэ. Гэхдээ ичсэн тарваганы зүрх удаан сулхан цохилсоор байдаг тул хуримтлуулсан өөх, элэг, уушиг, зүрх зэрэг эрхтэнгээ өвөлжингөө бага багаар шимэн зарцуулдаг байх. Тиймээс хавар ичэээнээсээ гарсан тарвага сульдаад амт шимт тааруу эцэж ядарсан махыг монголчууд иддэггүй уламжлалтай байжээ гэж бодож болно оо доо. Өөрөөр хэлбэл удаан хугацаагаар өвөл ичихдээ тарвага хамгийн чухал, одоогийн хэлээр илэрхийлбэл гол гол амин дэмээ алдсан байдаг ажээ.

Ингэхлээр хаврын тарчиг цагийн тарваганы мах хүмүүнд хоол эм болохоосоо илүүтэй хор болохоос аргагүй юм гэсэн бодол төрлөө. Миний цахим сүлжээний нүүр хуудасны андууд минь та бүхэн дурдсан тоо баримтыг хараад эргэцүүлэн бодож олон янзын дүгнэлт гаргаж, надаас хавьгүй идүү ухааран ойлгоно гэж найдах буюу.

Самбуугийн Товуудорж

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих