Бидний өвөө, эмээгийн үеийнхэн ааруул ээзгий зэрэг хатуулаг хоол хүнс өдөр тутам түлхүү хэрэглэдэг байсан нь шүд эрүүл , шүдний гажиггүй байх нөхцөл болж байжээ.
Гэтэл сүүлийн үеийн судалгаагаар 10 хүүхэд тутмын 8 нь ямар нэг шүд эрүү нүүрний гажигтай эсвэл гажиг үүсгэх буруу зуршилтай байгааг тогтоожээ.
Өнөө үед хүүхдүүд зөөлөн боов, чипс зэрэг аманд ороход л уусдаг хүнс ихээр хэрэглэж байгаа нь хүүхдийн нүүр амны дутуу хөгжил, шүдний гажиг үүсэх бас том шалтгаан болж байна.
Зөөлөн хоол хүнсийг удаан олон дахин зажлах шаардлага байдаггүй тул нүүр амны булчингийн буруу зуршил, эрүү хоншоор ясны дутуу хөгжил үүсдэг.
Үүнээс хамаарч хүүхдүүдийн шүд бөөгнөрч буруу ургах улмаар хүүхэд өөрийнхөөрөө хүссэнээрээ инээж чадахгүйд хүрч байна.
Түүнчлэн нүүр амны булчингийн буруу зуршлаас үүдэн буруу амьсгалж эхэлснээр биемахбодь хүчилтөрөгчийн дутагдалд орох, амархан ядарч сульдах, нойрмог идэвхигүй болох, суралцах чадвар буурах зэргээр ирээдүйд өөртөө итгэх итгэлээ алдаж нийгмийн харилцаанд оролцохдоо илүү эмзэг болж байна.