shatahuun

Иргэд хүссэн үедээ шатахуун түгээх станцын баталгаажилтыг шалгаж болно гэв

Шатахуун түгээх станцууд шатахууныг дутуу шахаж байна гэсэн эргэлзээ иргэд, олон нийтийн дунд байсаар ирсэн. Тэгвэл энэ эргэлзээг арилгах үүднээс Петровис Групп Монголд анх удаа хэрэглэгчийн хүсэлтээр шатахуун түгээх станцын түгээгүүрийн баталгаажилтыг иргэд, олон нийтэд нээлттэй шалгуулдаг боллоо.

Стандарт, хэмжил зүйн газраас улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй нефть болон шингэрүүлсэн шатдаг хий түгээх бүх станцад жилд хоёр удаа баталгаажуулалт хийж, гэрчилгээ олгодог. Мөн тухайн түгээгүүр шатахууныг бүрэн гүйцэт шахаж буйг шалган баталгаажуулж, улсын хянагч түгээгүүрийн хошуу тус бүрт лац тавьдаг. Стандарт, хэмжил зүйн газраас шалгаж олгосон энэхүү гэрчилгээ болон улсын шалгагчийн тавьсан лац нь тухайн түгээгүүрийн баталгаажилт болдог юм. Тиймээс шатахуун түгээх станц нь тухайн олгосон гэрчилгээг олон нийт, хэрэглэгчдэд нээлттэй байршуулах, лац ломбыг хөндөхгүй байх үүрэг хүлээдэг.

Хэрэв улсын шалгагчийн тавьсан лац хөндөгдсөн, эсхүл гэрчилгээ аваагүй бол тухайн шатахуун түгээх станцад баталгаа хийгдээгүй гэж үзэн үйл ажиллагаа явуулах эрхийг нь зогсоох хүртэл арга хэмжээ авдаг байна. Иймд иргэд, хэрэглэгч та бүхэн үйлчлүүлж буй шатахуун түгээх станцад улсын баталгаажилт хийгдсэн эсэхийг шалгахыг хүсвэл Петровисийн орон даяар байрлах аль ч шатахуун түгээх станцад хандан шалгах боломжтой боллоо.

Хэрэв Стандарт, хэмжил зүйн газрын олгосон гэрчилгээ, улсын шалгагчийн тавьсан лацыг хөндсөн нь тогтоогдвол Стандарт, хэмжил зүйн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хандан шалгуулж, хариуцлага тооцуулах боломжтой юм.

Эх сурвалж: Ikon.mn

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих