rsz_1ТүмэнбаярынЭрхэмбаяр_Сүрэнхүү

ЗУНЫ АМРАЛТАА ЗУГААТАЙ ӨНГӨРҮҮЛЛЭЭ, ОДОО ХИЧЭЭЛДЭЭ ШАМДАНА

Наадмын дараа намар гэгчээр сургууль, цэцэрлэг гээд ид ажлын үе ирж, зуны налгар өдрүүд дуусахад хэдхэн өдөр үлдээд байна. Сургуулийн бяцхан сурагчид маань зуны дэлгэр сайхан өдрүүдэд хэрхэн амарч, цагийг зугаатай өнгөрүүлж байгаа талаар сурвалжлага бэлтгэсэн юм. Хөдөөний хүүхдүүд ихэвчлэн аав ээж, амьдрал ахуйдаа туслаж, харин хотын хүүхдүүд аав ээжтэйгээ хөдөө орон нутгаар аялах, курс дамжаанд сурах, зусланд амрах гээд аль болох өөрсдийгөө хөгжүүлэх зугаатай ажил хийсэн байна. Бидний уулзсан хүүхдүүд цагийг дэмий өнгөрөөлгүй хийсэн бүтээсэн, хэлэх үгтэй байсанд сэтгүүлч эгч нь талархахын ялдамд, энэ хичээлийн жилдээ амжилт бүтээлээр арвин байхыг хүсэн ерөөе.

Түмэнбаярын Т.Эрхэмбаяр, Т.Сүрэнхүү: “Монгол хүн морь малдаа хайртай байх хэрэгтэй”
Энэ хоёр хөөрхөн хөвгүүд Налайх дүүргийн Монгол улсын Манлай уяач Н.Түмэнбаярын хөвгүүд. Энэ жил 7, 11-р ангид орох хоёр хүү малчин аав ээж дээрээ малаа хариулан зуныг өнгөрөөж байна. Уяач айл учир морь мал ихтэй. Түүнийгээ дагаад морь малдаа өвс тэжээл өгөх, адуугаа хариулах, түлээ түлшээ бэлтгэх гээд ажил их юм билээ. Сургуульдаа бол хэний ч дор орохгүй сурлагатай гэнэ. Хоёулаа хурдан морь унах, бөх барилдах дуртай гэлээ. Хэд сайн ноцолдож (барилдаж) аваад буцаад давхих нь хөөрхөн. Тэгэхнээ ах нь дүүдээ унаад байдаг юм байна. Дүүгээсээ даагаа нэхэх гэж ийнхүү очоод өгөө аваатай болохоороо буцаад давхидаг аж. Морийг бол ёстой эдлэх шиг л болох юм. Хамгийн дуртай зүйл чинь юу вэ гэвэл, хоёулаа “хурдан морь унаад салхи татуулан давхих” гэлээ. Тэдний морь унаж, ажил төрлөө хийж байгааг харахад “Монгол хүн морьтойгоо төрсөн” гэх мөрүүд санаанд орно. Ном их уншиж байна уу гэвэл, “Энэ их ажлын хажуугаар хэдийдээ ном уншиж хэвтэх вэ дээ” гэнэ. Та хоёр яаж амарч байна даа гэсэнд, хоёр биен рүүгээ нэг харсанаа “Бид малдаа хайртай” гэлээ.

Даваагийн Баатархуяг: “Зуны амралтаараа дүү нар аа харсан”

Энэ хүүг Д.Баатархуяг гэдэг. 11 настай. СБД-ийн Ёс-Эрдэм сургуулийн 8-р ангийн сурагч. Аав ээж, хоёр дүүгийн хамь амьдардаг. Хүүгийн ээж дунд сургуулийн математикийн багш гэнэ.Тиймдээ ч Баатархуяг математикийн хичээлдээ илүү сонирхолтой гэсэн. Сурлага сайтай хүү өөрийн хөдөлмөр чармайлтын дүнд анги дэвшин суралцаж байгаа юм. Аав ээжийн эзгүйд хоёр дүүгээ харах хүндхэн алба түүнд ногджээ. Өөртөө ч цаг зав гаргаж чадаагүй гэнэ. Ядаж байхад нөгөө хоёр нь дүрсгүй гэж жигтэйхэн. Хоёулаа болохоор догиж ахыгаа цохих, чимхэх, зугтаах гээд хөөрхөн “хорлох” юм. Хүү тэр болгонд ахын буурь зааж цохиод авахгүй мөртлөө зогсоо чөлөөгүй хоёр дүүгийнхээ араас санаа тавин элдэх юм. Хариуцлагатай гэж жигтэйхэн. Баатархуяг хүү наадмын дараахан Төв-Аймгийн Архуст суманд амьдардаг нагац эгчийндээ очиж, ногооны талбай усалж, зэрлэг зулгааж, томчуудад тусалсан гэнэ.

 

Даваагийн Тэлмэн: “Манай нохойг Бамбар гэдэг, тэр их ухаантай”

Бяцхан хүүг Тэлмэн гэдэг таван настай. Аав, ээж, ах эгчийн хамт амьдардаг. Айлын бага хүү. Цэцэрлэгийн орон тоо хүрэлцээ муутай учир, эмээ өвөөгийн гар дээр хүмүүждэг. Эмээ Л.Цэцэг-Өлзий гар урлал буюу эсгийгээр ширмэл ширдэг, эсгий шаахай, олбог гэх мэт зүйл хийдэг уран хүн. Тэлмэн ч эмээгээ дагаад зүгээр суухгүй ноос өнгөөр ялгаж, эсгий нягтруулах, утас бөөрийнхийлөх гээд ажил мундахгүй. Түүний хажуугаар Д.Тэлмэн нохой тэжээх сонирхолтой. Одоогийн байдлаар монгол банхар, кавказ овчарка гэсэн хоёр нохойтой. Өдөр бүр нохойгоо цагаар хооллож, сул тавьн гүйлгэдэг ажилтай.“Амьтан тэжээсэн хүүхэд зөөлөн сэтгэлтэй болдог ” гэдэг шүү дээ.

Нямдэлгэрийн Дөлгөөн: “Аав ээжийнхээ үгэнд орж, сайн хүн болохыг хичээгээрэй найзуудаа”

Н.Дөлгөөн 10 настай. БГД-ийн 43-р дунд сургуулийн 5-р ангийн сурагч. Аав ээж, дүүгийн хамт амьдардаг. Н.Дөлгөөн зун болгон хөдөө аль нэг тийш аав ээжийн хамт зугаалдаг гэнэ. Энэ зуны амралтаа Өвөрхангай аймгийн Уянга сумаар гэр бүлийн хамт аялаад иржээ. Ингэж аялаж явахад ер ядардаггүй, харин ч гоё байдаг гэнэ. Хөдөөний хүмүүсийн амьдарч байгаа байдал их таалагдсан гэлээ. Малаа хэрхэн хариулж, маллаж байгааг сурмаар байна гэсэн. Өвөрхангай аймагт байхдаа өдрийн турш хонь хариулж, морь унаж, аргаль түүж, ямаа сааж үзсэн. Басхүү Шонхор шувуутай зургаа авхуулж үзсэн гэнэ. Түүндээ тун ч сэтгэл хангалуун байгаа. Ер нь л эр хүний хийдэг бүхий л ажлыг хийж сурах дуртай. Монгол эр хүн чинь мал хариулна, морь унана. Хөдөө яваагүй үедээ ээждээ хоол хийж гэрээ цэвэрлэхэд нь, аавдаа машин угаахад нь, дүүдээ хүрдээ цээжлэхэд ньтусалдаг ажилсаг хүү хэмээн өөрийгөө тодорхойлно. Дөлгөөн хүү ном унших дуртай. Энэ зуны амралтаараа “Питер туулайн үлгэр”, “Орос ардын үлгэр” хэмээх ном уншиж, үеийн найзууддаа ном уншихыг сайхан зүйлсээс уриалсан юм.

Батхүүгийн Мөнгөнсудар, “Сагсан бөмбөгийн шигшээ багын тамирчин

Батхүүгийн Мөнгөнсудар. ЧД-ийн 5-р дунд сургуулийн 10-р ангийн сурагч, тус сургуулийн сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин. Аливаа спорт нь өөр өөрийн өвөрмөц онцлогтой бөгөөд хүүхэд залуусд сонирхолтой, хөгжилтэй төдийгүй тухайн спортоор дамжуулан олон чадварыг олж, төлөвшиж байдаг. Сагсан бөмбөг нь дэлхий өнцөг булан бүрт өргөн тархсан, хүүхэд залуучуудын дуртай спортын нэг юм. Тэрээр спортоор хичээллэхийн сайхан зүйлсээсэ хэлэхдээ: “тоглогчоос маш хурдан бөмбөг дамжуулах, бөмбөг залах, үсрэх, хамгаалалт хийх гэх мэтчилэн олон төрлийн хөдөлгөөн, авхаалж самбааг шаарддаг” хэмээн хэлсэн юм. Мөнгөнсудар охин хичээлийн бус цагаар сагсны шийдэн дээр цагыг өнгөрөөх нь их. Энэ зуны амралтыг хичээлээ давтахын хажуугаар, спортоор хичээллэж өнгөрөөсөн гэнэ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих