monhiin-tun

“Мөнхийн тун” ХХК-ийн ажлын явцад хяналт тавьж, ажиллалаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан нар коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд амны хаалт, хамгаалах хувцас хэрэглэл үйлдвэрлэж буй  “Мөнхийн тун” ХХК-ийн ажлын явцад хяналт тавьж, ажиллалаа.

“Шинэ төрлийн коронавирусын эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 30 дугаар тогтоолын дагуу эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах тендерт “Мөнхийн тун” ХХК шалгарч, эмнэлгийн нэг удаагийн амны хаалт, комбинзон, нэг удаагийн халад, улавч, малгай, усны гутал, повидон иодын уусмал зэрэг 12 нэрийн хоёр тэрбум төгрөгийн хувийн хамгаалах хэрэгслийг нийлүүлэн ажиллаж байгаа юм.

~Өдөрт 150 мянган ширхэг амны хаалт үйлдвэрлэж байна~

Тус үйлдвэр нь амны хаалт үйлдвэрлэх хүчин чадлаа нэмэгдүүлж, өдөрт 150 мянган ширхэг маскийг үйлдвэрлэж байгаа болохыг “Мөнхийн тун” ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Алтанцэцэг хэлж байсан юм. Мөн 250 гаруй ажиллагсадтай бөгөөд өндөржүүлсэн бэлэн байдлын энэ үед нэмэлтээр 100 хүн авч ажиллуулж байгаа аж.

Монгол Улсын Ерөнхий сайд энэ үеэр “Улсын онцгой комиссоос хил хаах, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоох, олон нийтийг хамарсан уулзалт, цугларалтыг хорих, хөл хорионы дэглэмийг авах зэрэг арга хэмжээг шуурхай авч, цаг алдалгүй ажилласны үр дүнд коронавирусын халдвараас урьдчилан сэргийлж чадаж байна. Гэхдээ нөгөөтэйгүүр зарим үйл ажиллагааг бид чөлөөтэй болгож байгаа. Хэрэв нөхцөл байдал хүндэрвэл бид цаашид үйл ажиллагаануудыг хааж, зогсоохыг үгүйсгэхгүй. Дэлхий дахинд нөхцөл байдал хүнд байгаа учир бид дор бүрнээ маскаа зүүж, урьдчилан сэргийлэх ёстой байна” хэмээсэн юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих