АНУ-ын Вашингтон хот дахь Смитсоновын хүрээлэнгийн цогцолборт хамаардаг гол музейнууд болон Үндэсний амьтны хүрээлэн санхүүжилтгүй болсны улмаас лхагва гарагт хаагджээ. Энэ нь шатдаун буюу Засгийн газрын үйл ажиллагаа 12 дугаар сарын 22-ноос хэсэгчлэн түр зогссонтой холбоотой байна.
“Хэдийгээр АНУ-ын Засгийн газрын үйл ажиллагаа хэсэгчлэн зогссон боловч манай музейнууд болон Үндэсний амьтны хүрээлэн нэгдүгээр сарын 1 хүртэл нээлттэй байна. Хэрэв хэсэгчилсэн шатдаун нэгдүгээр сарын 1-нд дуусахгүй бол Смитсоновын хүрээлэнгийн бүх музей, амьтны хүрээлэн нэгдүгээр сарын 2-ноос хаагдана” гэж тус хүрээлэнгийн албан ёсны цахим хуудсанд мэдээлжээ. Засгийн газрын санхүүжилтын асуудлаар тохиролцоонд хүрч чадаагүй байгаа учраас лхагва гарагт эдгээр газар бүгд үйл ажиллагаагаа түр зогсоосон байна.
Нийтдээ 19 музей үүдээ барьсан бөгөөд ихэнх нь Вашингтоны төвд оршдог аж. Тухайлбал, Үндэсний нисэх хүчин болон сансар судлалын музей, дэлхийн сонгодог бүтээлүүдийг дэлгэдэг Үндэсний уран зургийн галарей юм. Нью-Йорк хотод оршдог өөр хэд хэдэн музей мөн түр хаагджээ.